БАЙРАА ХУРДАН БОРЛУУЛАХАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

БАЙРАА ХУРДАН  БОРЛУУЛАХАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Үл хөдлөх хөрөнгөө хурдан борлуулахад өнгө үзэмж, бодит үнэ, байршил зэрэг хэд, хэдэн үзүүлэлтүүдийг энэ зах зээлд ажиллаж буй мэрэгжилтнүүд чухалчлан үздэг. Энэхүү зөвлөгөөгөөр дурьдаагүй олон аргууд байж болох бөгөөд эдгээр нь хамгийн түгээмэл ач холбогдол өгөх ёстой хэсэг гэдгийг танд сануулахыг зорилоо.

Зарим онцлог шинж чанарыг тодотгож өгөх
Та хэрэв байраа тун яаралтай зарах хэрэгтэй бол тухайн байрныхаа онцлог шинж чанарыг сайн гаргаж өгөх хэрэгтэй. Тухайлбал танай байрны ихэнхи цонх нар руу харсан бол цонхондоо анхаарал өгч, байр үзэж буй хүний анхаарлыг цонх руу гаа татах ёстой. Тухайлбал нэг жишээ дурьдахад: Цонхоо сайн угааж, цонхоор үзэгдэх орчинг тунгалаг, сайн болгох, гэрийнхээ ерөнхий интерьер, хананы обойтой зохицох хөшгийг тохируулан өлгөж, магадгүй цонхон дээрээ сувинер эсвэл гоё дэлбээлсэн цэцэгт ургамал тавьж болно. Мөн тухайн байр сонирхож буй хүнд өдрийн нар тусч буй хамгийн сайн тусах цагт ирүүлэхийг хичээх хэрэгтэй. цагт ирж үзүүлэхээр цагаа товлож болох юм.

Эмх цэгцтэй байлгах
Байр худалдан авах гэж буй хүмүүс үзэж буй байрныхаа орон зайд өөрсдийн тавилга, сэлтийг байршуулан ургуулан боддог. Хэрэв та аливаа замбараагүй хөглөрүүлэн орхисон эд зүйлсийг цэвэрлээгүй орхисон бол энэ нь тэдний ургуулан бодоход саад хийж, хүчтэй сэтгэгдэл үлдээхгүй байх магадлал тун өндөр тул энэ төрлийн алдааг гаргаж ердөөсөө болохгүй.

Их цэвэрлэгээ хийх
Таны үзүүлэх орон байранд цэвэрхэн гялтгасан толь, шил, хивс, тоосгүй тавилга, угаасан шалнаас илүү өөр өнгө үзэмж нэмэх зүйл байна гэж үү? Тэрхүү байр нь танд ямар их үнэ цэнэтэй, хэрхэн арчилж тордож авч авч явсаныг танай гэрийн цэвэр цэмцгэр байдлаар бас олж хардаг. Иймд та бүх зүйлээ сайтар цэвэрлэн угааж, тоосгүй байхад анхаараарай.

Эвдэрхий зүйлсээ засах
Хаалганууд нь гажаагүй, цонх нь цантаагүй, хөлрөөгүй, паарнаас нь ус дусалж зэв тогтоогүй, угаалгын өрөөний крантнаас ус ямар ч асуудалгүй гарч байх зэргийг байр үзэж буй хүн тун гярхай, хурдан олж хардаг. Аливаа засвар нь хэдий жижигхэн, амар хялбар байсан ч эдгээрийг зассан л байх ёстой. Өөрөөр хэлбэл байр худалдан авагч нь дахин цаг заваа үрэн, нэмэлт зардал гаргахгүйгээр шууд шинэ байрандаа нүүж орохыг илүүд үзэх нь лавтай.

Нийт талбайд эзлэх тавилгынхаа зохистой харьцааг тааруулах
Зарим байранд хэтэрхий ихэдсэн том, нүсэр эсвэл олон жижиг, хоорондоо үл зохицох тавилга нь тухайн байрыг жижигхэн давчуу, замбараагүй харагдуулах нь бий. Том, илүүдсэн тавилгыг гаргаснаар өрөө илүү уужим харагддаг тал ч бас бий шүү. Үл хөдлөх хөрөнгийн мэрэгжилтнүүдийн хувьд хоосон, огт тавилгагүй байрнаас илүү тохирсон тавилгатай байр нь зарагдах, түрээслэгдэх нь илүү хурдан байдаг ч гэж үздэг. Иймд үүнийг бас бодолцож үзэх хэрэгтэй байх нь, зай талбайн зөв ашиглалт дээр танд мэрэгжилтнүүд илүү сайн зөвлөгөө өгөх учир тэдэнд хандах нь тустай болов уу.

Үнээ бодитой, зөв тогтоох
Хэрэв та байраа өөрөө зарах гэж буй бол танай байртай ижил төстэй үзүүлэлттэй 5-10 байр олж зах зээлийнх нь үнийг асуух хэрэгтэй болох байх, гэсэн хэдий ч зах зээлийн үнийн бодит нөхцөл байдал, чиг хандлага ямар байгааг тааж мэдэхийн тулд нилээд их цаг хугацаа зарцуулах хэрэгтэй болно. Харин та цаг заваа хэмнэн, илүү найдвартай том судалгааны бааз, өртөг тогтоох аргачлал дээр суурилан байрны үнийн бодит үнийг тогтоох мэргэжлийн үл хөдлөх хөрөнгийн брокеруудад хандаад нэг үзэж болно. Үл хөдлөх хөрөнгийн зарим сайт руу ороход байрныхаа үнийн урьдчилсан үнэлгээг мэдэх боломжтой байхаас гадна, тэдэнтэй уулзан үнэгүй зөвлөгөө авч бас болдог. Хамгийн гол нь тухайн байрыг худалдан авах гэж буй хүний өнцөгөөс бас харж үзэх хэрэгтэй. Та өөрийн оруулсан хөрөнгө оруулалт, онлцог хүчин зүйлсийг тооцоолон бодохдоо арай хэтрүүлэн үнэлчихсэн юм биш биз, эсхүл хэт доогуур бас үнэлчихсэн биш юм биз? Дан ганц үл хөдлөх хөрөнгийн брокер гэлтгүй найз, нөхөд, ойр дотныхон, хөршөөсөө зөвлөгөө авч, асууж бас үзэхийг зөвлөе.

Илүү таатай нөхцөл амал
Та ижил төстэй бусад байрнаасаа өөрийн санал болгож буй нөхцөлийг яаж илүү онцгой болгох вэ. Одоо бодит байдал дээр хүмүүс зарим тавилгаа үнэгүй дагалдуулан өгч байна. Эсхүл гадны зарим оронд байрандаа үлдээж буй хөргөгч, угаалгын машин зэрэг электорн бараанд тодорхой үнийн дүнд тодорхой хугацаанд баталгаа гаргаж өгөх зэрэг арга хэрэглэдэг байна. Жишээлбэл, нэг жилийн дотор гарсан гэмтэл, согогт 500 мянган төгрөгт дүйцэхүйц хэмжээний зардалыг даана гэх мэтээр. Монголд ингэж хэрэгжүүлж үзсэн байр худалдагч байдаг болов уу, яагаад болохгүй санаа гэж. Бид бүгд л аливаа урамшуулал, бонус, баталгаанд инстинктээрээ таатай ханддаг бус уу. Эсхүл тантай хэрэв 7 хоногийн дотор тохирч байраа худалдан авахаар болвол та нийт үнийн дүнгээс бас хөнгөлөлт үзүүлэх нөхцөл танилцуулж болно биз дээ, олон арван байр үзэж байгаа худалдан авагчдад энэ нь шийдвэр гаргахад бас нөлөөлдөг арга юм шүү. Бас хэр бодитой вэ гэдэг талаас нь бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр таны амалж байгаа нөхцөл байж болох, хэрэгжиж болох талаас хараарай.